Параглайдер?
Параглайдер гэж юу вэ?
Хөл дээрээс гараа үйлдэн чөлөөт нислэг хийх боломжтой хөнгөн жингийн нисэх төхөөрөмж.
Параглайдинг бол хөл дээрээс гараа үйлдэн чөлөөт нислэг хийх боломжтой хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг амралт, чөлөөт цагаа өнгөрөөх болон тэмцээн уралдааны зорилгоор ашигладаг спортын төрөл юм. Нийлэг материалаар хийсэн далавчны доороос зүүлттэй байх суудалд нисгэгч сууна. Далавчны хэлбэр нь стропнууд төдийгүй далавчны урд талын цонхуудаар нэвтрэх агаарын даралт болон далавчны гадна талаар урсах агаарын аэро динамик хүч зэргээр тодорхойлогдоно.
Хэдийгээр моторгүй ч гэсэн параглайдераар олон цаг нисч, олон зуун километрийг туулж болно. 1-2 цагийн дотор хэдэн арван километр замыг туулах нь бараг л хэвийн үзэгдэл болсон байна. Өргөлтийн эх үүсвэрийг чадамгай ашигласнаар нисгэгч хэдэн мянган метрийн өндөрт ч гарч болно.

Түүх
Параглайдингийн үүслийг мөн л Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн 2-р дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийгдэж байсантай ч холбодог. Анх НАСА-гийн сансрын капсулыг эх дэлхийд буулгах зориулалт бүхий далавчийг зохион бүтээж, тэр далавчаараа 60-аад оны дундуур АНУ-ын цанын баазууд дээрээс гараа үйлдэж байсан Дэйвид Бариш-ыг магадгүй параглайдерыг үндэслэгч гэх байх.
Өнөөгийн бидний мэдэх параглайдерыг амралт, чөлөөт цагийг өнгөрөөх спортын төрөл болгосон нь 1978 онд Францын Miocи хотод эхэлжээ. 1980-аад оны дундуур үйлдвэрлэгчид далавчны дизайнаа сайжруулж, халин нисэх боломжтой болгосноор Франц, Швейцарийн Альпад хурдацтай дэлгэрсэн ажээ. 1980-аад оны дунд үеэс төгсгөл хүртэл параглайдинг АНУ-ын олон газраар тархаж, 1990-ээд онд хамгийн их түгсэн байна.
Хувь хүний сонголтоос хамааран далавч хэрэгсэл нь бүхэлдээ 11-22 кг буюу үүргэвчинд багтахуйц учраас параглайдинг дэлхий даяар асар их тархаж байна. Нисэхэд хэрэгтэй бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд л онгоц, машинаар хүссэн газартаа очиж нисэх боломжийг параглайдинг олгодогоороо давуутай. Хөнгөн жинтэй далавч хэрэгсэл нь уулын орой руу алхаж гараад тэндээсээ нисэхэд тохиромжтой. Гэхдээ агаарын спортын аль ч төрлийн нэгэн адил параглайдинг цаг агаарын нөхцөл, нисгэгчийн ур чадвар, төлөвшил, зөв шийдвэр гаргах чадвараас ихээхэн хамаарна. 12-80 настай хэн ч байсан энэ спортоор хичээллэх бүрэн боломжтой.
Эргэлдэн, уул нуруудын дээгүүр алсыг тольдон нисэх нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж биш гэж үү!
Ханглайдинг, параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Уул толгодын оройгоос бэлд нь хүртэл гулсан буухдаа таашаал авах нэг хэсэг байхад зарим нь харын салхинд өргүүлэн халин нисэхийг таашаах нь ч бий. Бүр хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисэх нь ч бий. 2018 оны 1-р сарын байдлаар параглайдераар 564 км, ханглайдераар 764 км ниссэн дэлхийн дээд амжилтууд бүртгэгдсэн байна. Энэ бол ахиц дэвшил гаргаж болдог спорт бөгөөд үнэхээр насан туршдаа суралцаж, насан туршдаа хичээллэж болдог спортын төрөл юм.


